Хөвсгөл аймагт насанд хүрээгүй охиныг хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэрэгт холбогдож, ял эдэлж байгаа Н.Мөнх-Оргилын суллагдах хугацаа болсон. Учир нь, өдийгөөс хоёр жилийн өмнө сайд Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж, ажлаа танилцуулах үеэрээ найман настай охиныг хүчирхийлж, хөнөөж, цогцсыг нь цүнхэнд хийгээд гудамжинд хаясан байсан Ц.Мөнх-Оргилыг удахгүй суллагдах болсон талаар ярьсан байдаг. Ц.Даваасүрэн “Иргэд цаазын ялын тухай асууж байна. Маш зөв асуулт. Хөвсгөлийн найман настай охиныг хөнөөж, цүнхэнд хийгээд хаячихдаг аймшигтай хэрэг байна даа. Уг хэрэгт ял эдэлж байгаа этгээд суллагдах гэж байгаа шүү дээ. 1.6 сарын хугацаа үлдсэн байгаа. Цаазын ял байхгүй болсноороо ийм л аюултай байна шүү дээ. Ийм садист хүмүүс хэзээ ч засрахгүй. Тархинд нь гаж үйлдэл нь байгаад байдаг” гэсэн юм.
Тэгвэл Ц.Даваасүрэн сайдыг ийн ярьснаас хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Бид Н.Мөнх-Оргилын ээжтэй холбогдож, хүү нь суллагдсан эсэх талаар тодруулахад “Миний хүү суллагдаагүй байгаа. Өнгөрсөн намар эргэлтээр очсон. Өнгөрсөн дөрөвдүгээр сард над руу утсаар ярьсан. Суллагдах талаар юу ч хэлээгүй. Ер нь хэлдэггүй юм. Миний хүү хоригдоод 17 жил өнгөрлөө. Би хүүгээ хүлээгээд Мөрөнгийн төвдөө мэнд л байж байна. Бие өвдөж байгаа ч тэсэхээс өөр сонголт алга” гэлээ.
Н.МӨНХ-ОРГИЛЫН ЭЭЖ: Миний хүү суллагдаагүй байгаа