Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 40 настай эрэгтэй Х. архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ найзуудтайгаа тоглоомын талбайд тоглож байсан 11 настай охиныг дуудаж, зугтаах үед нь араас нь хөөж хүчээр бэлгийн харьцаанд орсон байна.
Хохирогч шүүхэд мэдүүлэхдээ “Тухайн өдөр би хичээлээсээ тарж ирээд ээжээс “зайрмаг авч идье, картаа өгч болох уу” гэхэд ээж картаа өгөхөөр нь би цүнхээ тавьчхаад буцаж гараад дэлгүүр орсон. Эргээд гэр рүүгээ явж байх замд байрныхаа найзуудтай тааралдан хамт тоглосон. Төд удалгүй нэг согтуу ах намайг “хүрээд ир” гэж дуудахад нь би айгаад шууд зугтаасан. Гэтэл миний араас хөөж гүйцсэн…” хэмээн мэдүүлсэн.
Тухайн үйлдлийг нь харсан гэрч болоод хохирогчийн мэдүүлэг, шинжилгээгээр бага насны хүүхдийг хүчиндсэн үйлдэл нь тогтоогдсон байна.
Иймд шүүх байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.-д 21 жилийн хорих ял оноосон байна. Мөн хохирогч болоод хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг сэтгэцэд учруулсан хор хохирлын хариуд 8.5 сая төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Хэрэг үйлдсэн тус этгээдийн хувьд “Агро” ХХК-д хог ачигчаар ажилладаг, эхнэр хоёр хүүхдийн хамтаар амьдардаг 40 настай тодорхой мэргэжил, боловсролгүй этгээд байжээ. Өмнө нь 2005 онд бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулж гурван сарын баривчилгаа, 2006 онд хулгайн давтан хэргээр зургаан сар баривчлагдаж байжээ.
Холбогдох хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл. Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
- 2.1.арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж;
- 2.2.бүлэглэж;
- 2.3.гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж;
- 2.4.хохирогчийг жирэмсэн болгож;
- 2.5.хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж;
- 2.6.хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэж;
- 2.7.урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн;
- 2.8.харгис хэрцгий аргаар;
- 2.10.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон; гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.